Divide and Rule буюу “Хувааж захирах” гэх ойлголт нь улс төрийн түүхэнд хамгийн эртний бөгөөд хамгийн өргөн хэрэглэгдэж ирсэн эрх мэдлийн стратегийн нэг юм. Энэ нь нэгдсэн, зохион байгуулалттай олон нийтийн хүчийг сулруулахын тулд тэдний дунд ялгаа, үл итгэлцэл, өрсөлдөөнийг бий болгож, улмаар талцуулан удирдах арга хэрэгсэлд тулгуурладаг.
Энэхүү стратегийн гол зорилго нь хүмүүсийн хоорондын ялгааг бодит асуудлыг шийдвэрлэхэд бус, харин улс төрийн ашиг сонирхолд ашиглах технологи. Ялангуяа “бид ба тэд” гэсэн сэтгэлгээг дэвэргэх нь сонгогчдын дэмжлэгийг авах, олон нийтийн санаа бодлыг өөрт ашигтайгаар чиглүүлэх нэг арга болсоор иржээ.
Өөрөөр хэлбэл, зарим улс төрийн тоглогчид нийгэмд тулгамдсан асуудлыг бодитоор шийдвэрлэхээс илүүтэйгээр хүмүүсийн ялгаатай байр суурь, үнэт зүйл, үзэл бодлыг улс төрийн хэрэгсэл болгон ашиглах тохиолдол бий. Энэ хандлага сүүлийн жилүүдэд манай нийгэмд ч илүү тод мэдрэгдэх болсон.
Өмнө нь “хувааж захирах” стратеги нь газар нутаг, үндэстэн, шашин шүтлэг, нийгмийн давхаргын ялгаанд тулгуурладаг байсан бол өнөөдөр мэдээллийн эрин үед илүү нарийн, далд хэлбэрт шилжжээ.
Цахим орчин, сошиал сүлжээ нь мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлсэн ч нөгөө талдаа улс төрийн талцал, үзэн ядалт, үл ойлголцлыг хурдан түгээх орчин болж хувирах эрсдэлтэй байна. Хүмүүс өөрийн үзэл бодлыг бататгах мэдээллийг түлхүү хүлээн авч, эсрэг байр суурийг дайсагнал мэт хүлээж авах нөхцөл бүрдэх нь нийгмийн хуваагдлыг улам гүнзгийрүүлдэг.
Гэвч өөр өөр байр суурьтай байх нь өөрөө асуудал биш. Ардчилсан нийгэмд үзэл бодлын ялгаа байх нь хэвийн үзэгдэл. Харин тэр ялгааг зориудаар ашиглан хүмүүсийг хооронд нь сөргөлдүүлж, үл ойлголцол, дайсагналд хүргэх нь хамгийн том эрсдэл юм.
Эцэст нь энэ талцлын хамгийн том хохирогч нь иргэд өөрсдөө байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг өөр хооронд нь сөргөлдүүлж, нийгмийн хүчийг сулруулах арга нь эцсийн дүндээ иргэдийг өөрсдийнх нь эсрэг ашиглаж буй хэлбэр юм.
Гэхдээ аливаа нийгэмд “хувааж захирах” оролдлогын эсрэг хамгаалах хүчин зүйлс байдаг. Үүнд хүчтэй институци, хараат бус хэвлэл мэдээлэл, боловсролтой иргэд, баримтад тулгуурласан нээлттэй хэлэлцүүлэг хамгийн чухал байр суурь эзэлнэ.
Тиймээс иргэд аливаа мэдээллийг хүлээн авахдаа өөрөөсөө дараах асуултуудыг асууж хэвших шаардлагатай.
- Энэ мэдээллийг хэн түгээж байна вэ?
- Ямар зорилго, ашиг сонирхлын үүднээс хэлж байна вэ?
- Үүнийг батлах бодит баримт юу байна вэ?
- Энэ мэдээлэл хүмүүсийг ойлголцуулахад чиглэж байна уу, эсвэл талцуулж байна уу?
Нийгэмд үзэл бодлын ялгаа байх нь зайлшгүй. Харин тэр ялгааг хэрхэн ашиглаж байгаа нь хамгийн чухал асуудал юм.
Учир нь хуваагдсан нийгмийг удирдах амархан байдаг бол, ойлголцсон нийгэм өөрийн ирээдүйг өөрөө тодорхойлох чадвартай байдаг.
Сошиал орчин хүртэл улс төрийн тэмцлийн талбар болсон өнөө үед иргэд мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сэтгэл хөдлөлөөр бус бодит баримтад тулгуурлан шийдвэр гаргах нь урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна.
Эцсийн дүндээ ардчиллын чанар зөвхөн улс төрчдөөс бус, иргэдийн мэдээлэлтэй, хариуцлагатай, хэрсүү сонголтоос шалтгаална.
Иргэд хэрсүү байх тусам талцуулах технологи хүчгүйдэж, нийгэм өөрийн ирээдүйн эзэн хэвээр үлдэнэ.
Тэгэхээр Улс төрийн талцуулах технологийн эсрэг иргэд хэрсүүжих үү гэдэг ганцхан асуулт л өнөөгийн манай нийгэмд үүссэн байна.
Н.Чимэг
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!