Монгол бөхийн түүхэнд нэгэн үе луу жилтэй бөхчүүд манлайлж байсан билээ. Тэдгээр луутнуудын нэг нь гавьяат тамирчин, “Том” хэмээх тодотголтой улсын гарьд П.Сүхбат агсан байлаа. Инээмтгий гарьдын хурц, шаламгай барилдаан, давсан ч унасан ч инээж л байдаг, гүндүүгүй төрх нь олны хайр хүндэтгэлийг хүлээж, Монголчуудын сэтгэлд хоногшиж үлдсэн юм.
Тэгвэл уран хурц гарьдын үргэлжлэл болсон том зээ хүү, Crum Kelby Монголын сагсан бөмбөгийн спортод хүч түрэн орж иржээ. Саяхан болсон оюутны лигийн бүх оддын тоглолтын цагирган дээрээс довтлох тэмцээнд Crum Kelby түрүүлж, өвөг дээдсийнхээ амжилтыг шинэ үеийн талбарт үргэлжлүүлж байгаагаа бидэнд харууллаа.
Крам Кэлбигийн аав нь өөд болсноор өвөө эмээ дээрээ 4 настай ирж Монголдоо өссөн байна. Тэрээр 5 настайдаа өвөөтэйгөө хамт телевизийн ярилцлагад орж байхдаа “би сагс болно” гэж хэлж байжээ. Өвөө нь өхөөрдөөд за хэлийг нь та тэгээд ойлгочихоороо сагс болно шүү гэж байсан нь одоо ч бичлэгт архивлагдан үлджээ. Үнэхээр л түүний 5 насны мөрөөдөл биелж тэрээр сагсчин болж чадсан байгаа юм.
“чи чадна” гэсэн итгэл найдварыг өгдөг орчинд өсөж хүмүүжсэн хүүхэд мөрөөдлөө биелүүлэх тууштай зан чанарыг өөртөө төлөвшүүлдэг байна.
Удам дагасан урлаг, спортын авьяасаас гадна, тууштай хөдөлмөрлөвөл мөрөөдлөө бодит болгох боломжтой гэдгийг Crum Kelby харууллаа. Хувь тавилан бол мөрөөдөл, итгэл, хөдөлмөр гурвын нийлбэр гэдэг юм билээ.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!