Олон улсын гоо бүсгүйн тэмцээн болох Miss Grand International-ийн топ 18-д шалгарч, “Best Runway Challenge” төрөлд тэргүүлэн Монголчуудынхаа бахархлыг төрүүлээд буй Ц.Аззаяагийн овог нэр, удам судрын талаар олон нийт сонирхох болсон билээ. Түүнийг Цогт-Очирын Аззаяа гэдэг. Аззаяагийн ээж нь МУГЖ, нэрт дуучин Д.Ширмэнтуяа бөгөөд тэрээр 21 насандаа охиноо төрүүлжээ.
Ширмэнтуяагийн төрсөн аав нь Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат Улсын заан Д.Амгаа бөгөөд Ширмэнтуяа дуучин ээжийнхээ төрсөн эгчийнд өргөгдөн өсөж, оюутан болсон цагаасаа эхлэн хүнтэй гэрлэх хүртлээ төрсөн аав ээжтэйгээ хотод амьдарсан гэнэ. Ц.Аззаяа ярихдаа би хөдөлмөрч, өөрийгөө сорих дуртай зэрэг зангаараа Амгаа өвөөтэйгөө их адилхан санагддаг.
Өвөө Олимпод хүртэл орж байсан шүү дээ гэжээ. Д.Амгаа заан 2022 оны наадмаар Монгол Улсын Гавьяат тамирчин болсныг тухайн үеийн их хурлын дарга Г.Занданшатар гардуулан өгч байжээ.

Харин Аззаяагийн төрсөн аав нь Увс аймгийн Тэс сумын харьяат Найдангийн Цогт-Очир юм. Тэрээр орон нутгийн төрийн байгууллагад даргын алба хашдаг, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ч сонгогдон ажиллаж байсан хүн байна.
Охиноо гоо бүсгүйн тэмцээнд оролцож эхэлсэн үеэс нь аав нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд цахим хуудасныхаа нүүр зургийг хүртэл охиныхоо зургаар сольсон байна. Аззаяагийн өвөө, эмээ нар өнөөдөр ч Увс нутагтаа амьдардаг бөгөөд тэдний удмынхан өндөр нуруу, алаг нүдээрээ онцлогтой хүмүүс хэмээн нутгийнхан нь ярьдаг. Н.Цогт-Очир охиноо тэмцээнд ороход нь дэмжсээр байдаг бөгөөд энэ удаа ч мөн түүний зургуудыг шэйр хийн, фэйсбүүкийн профайл зургаа хүртэл охиныхоо зургаар сольжээ.
Н.Цогт-Очир ээжийн хамт


Харин Аззаяаг өсгөж хүмүүжүүлсэн аав нь Монголын тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Чаминчулууны хүү Баярбаатар юм. Аззаяа өсгөсөн аавынхаа гэр бүлийнхэнтэй төрсөн мэт дотно харилцаатай байдаг бололтой. Ялангуяа эмээ Чаминчулууны нөлөө түүний амьдралд их байсан бөгөөд Аззаяа өөрөө нэгэн ярилцлагадаа “эмээгийнхээ үгэнд орж жүжигчин мэргэжлийг сонгосон” гэж ярьсан байдаг.

Ийнхүү Ц.Аззаяа аавын талаасаа Увс аймгийн Тэс сумын, ээжийн талаасаа Булган аймгийн Дашинчилэн сумын удамтай юм. Нэг талаас урлагийн ертөнцтэй холбогдох гэр бүлийн хүмүүжил, нөгөө талаас спортын алдартнуудын хөдөлмөрч, дайчин чанар түүний амьдралд шингэсэн мэт.
Гоо үзэсгэлэн, бие бялдар, авьяас чадвар, хөдөлмөрч зан чанарыг хослуулсан Ц.Аззаяагийн амжилтын ард зөвхөн өөрийн хичээл зүтгэл төдийгүй өвөг дээдсийнх нь хүмүүжил, удам дамжсан гоо үзэсгэлэн, үнэт чанарууд оршиж буй нь энэ билээ.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!