Кино Ертөнц: Эрдэм сураад, япон хэлний орчуулагч болох мөрөөдөлтэй Пүүжээ охины амьдралыг харуулсан энэхүү баримтат кино дэлхийн зах зээлд амжилттай нэвтэрсэн билээ.
Өмнөд Солонгосын кино наадмын Гран при-г 2007 онд хүртэж, 2008 онд АНУ-ын алдарт Sundance кино наадам д финалист болж байжээ. Мөн Япон кино академийн үндэсний дээд шагнал хүртсэн бөгөөд Герман, Францын кино наадмуудад өндөр үнэлгээ авч байсан юм. Японы NHK телевизийн сэтгүүлч Ёошихару Секино Монголд аялж явахдаа малчин охинтой санамсаргүй тааралдаж буйгаар кино эхэлнэ. Ингээд тэрээр дөрвөн жилийн турш жил бүр Монголд ирж, түүний өдөр тутмын амьдралыг баримтат байдлаар бичиж байсан ч харамсалтай нь охин сургуульд орсон жилээ автын ослоор амь насаа алдсанаар кино төгсдөг. Хожим Пүүжээ охины Нагац эгч хэвлэлд ярилцлага өгөхдөө Пүүжээ охиныг Баянчандмань зам дээр дайрсан жолоочийн шүүх хурал болоогүй, магадгүй хэргийг хаасан байх гэжээ. Харин үеэл дүү Баасан нь гадаадад суралцаж байгаа гэсэн байна.
Олон улсын үзэгчид нүүдэлчин соёлын бодит амьдралыг харуулжээ, дэлхийн хаа нэгтээ ийм амьдрал байдгийг бид одоо мэдэж байна, сэтгэл зүрхээ чилээн үзлээ гэх сэтгэгдлүүдийг олноор үлдээжээ. Харин зарим Монгол үзэгчид нийгэм хүнд хэцүү хөдөө зудтай байх үеийг буюу хэт нэг талыг барьсан бараан түүхийг харуулжээ гэсэн байна.
Кино зохиолд зөрчил буюу хүнд хэцүү ээдрээт зүйл нь гүн гүнзгий байх тусам сайн зохиол болно гэх онол бий. Үүнийг баримталсан байж болох юм.
Харин кино найруулагч Казуяа Яамада үйл явдалд битгий автаарай, төвлөрч мэдэрч үзээрэй, мэдрэмжийн аялал байх болно шүү гэж үзэгчдэд зөвлөжээ. Олон орны хэлээр интернэт ертөнцөд ч түгээгдсэн энэхүү киноны тухай үзэгч та бүхэн ямар сэтгэгдэлтэй байдаг вэ.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!